5.2 ОЛОН ХЭЛТ БАЙДЛЫГ ДЭМЖИХ НЬ

Хүүхэд чех хэл эзэмшснээр үе тэнгийнхэнтэйгээ нийгмийн харилцаанд орох сайн талтай ч эх хэлээ төгс эзэмших нь хүүхдийн хувьд амин чухал ач холбогдолтой юм. Хүүхдийн бүх талын хөгжилд анх хэлд орсон төрөлх хэлний мэдлэг юугаар ч орлуулашгүй чухал байдаг. Тийм болохоор хүүхэд ямарваа нэг шинэ зүйлийг төрөлх хэлээрээ олж авсан мэдлэгтээ тулгуурлавал хялбар сурдаг.

ОЛОН ХЭЛТ БАЙДАЛ:

  • Төрөлх хэл нь нийгмийн олонхийн эх хэлнээс өөр хүүхдүүдийг тусгаарлах явдлаас урьдчилан сэргийлнэ.
  • Хүүхэд шинэ орчинд дасан зохицоход дэмтэй.
  • Хүүхэд өөрийгөө таньж мэдэх, хүүхдийн өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг.
  • Хүүхэд гадаад хэл эзэмшснээр аль ч хэлээр бодож сэтгэх ур чадвар нь дээшилдэг.
  • Нутаг нэгт хүмүүстэйгээ холбоотой байх, ёс заншлаа үр хүүхэддээ өвлүүлэх, ардын үлгэр домгоо мэдэж байх нь өөрсдийн соёлын өвийг хадгалж хамгаалахад хувь нэмрээ оруулдаг.

Хэд хэдэн гадаад хэлээр ярьдаг сурагчид нөхцөл байдлаас хамааран бусадтай харьцах үедээ хэлний мэдлэгээ хэрхэн ашиглаж байгаа нь ажиглагддаг. Жишээ нь, гэртээ төрөлх хэлээрээ ярьдаг бол хоёрдахь хэлээ сургууль болон нийгмийн бусад гишүүдтэй харилцахдаа ашигладаг. Энэ нь хүүхдийн үгийн баялаг, хүүхэд тухайн хэл хэрхэн эзэмшсэн, тодорхой нөхцөл байдалд ямар хэлээр ярихыг илүүд үзэх зэрэгт нөлөөлнө. Сурлага сайтай ч төрөлх хэлээ мэдэхгүйгээс болоод хүүхэд эцэг эхтэйгээ ойлголцохгүй байдалд хүрч энэ нь эргээд хүмүүжил, биеэ авч явах байдалд нь сөргөөр нөлөөлж болзошгүй. Ийм болохоор хүүхдэд аль болох богино хугацаанд чех хэл эзэмшүүлэхийн зэрэгцээ төрөлх хэлийг нь мартуулахгүй, улмаар сайжруулах арга замыг хайж олоход эцэг эх, багшийн хоорондын сайн харилцаа чухал үүрэг гүйцэтгэдэг.

БИДНИЙ ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ:

  • Хүүхдийн анх хэлд орсон төрөлх хэлийг нь бүү мартуул. Төрөлх хэлээ мартсан хүүхэд өөрийгөө таньж мэдэж чадахгүй байдалд хүрэх хор хөнөөлтэй. Хүүхдийнхээ төрөлх хэлээрээ ярих хэрэглээ нэмэгдүүлэх (жишээ нь, төрөлх хэлээр нь ярьдаг хүүхдүүдтэй тоглуулах, нутаг руугаа дагуулж явах гэх мэт) боломжийг олгож байгаарай.
  • Гэртээ ярьдаг хэлээ хүүхэддээ төгс эзэмшүүлэхийг хичээгтүн. Учир нь төгс эзэмшсэн хэлээрээ л хүүхэд саадгүй ойлгож, өөрийгөө саадгүй илэрхийлж чаддаг.
  • Чех хэлээр сайн ярьдаггүй эцэг эхээсээ хүүхэд чех хэлний буруу дуудлага, алдаатай үг хэллэг сурах сөрөг талтай тул зарим багш нарын эцэг эхчүүдэд өгч байгаа гэртээ хүүхдүүдтэйгээ зөвхөн чехээр ярь гэсэн зөвлөгөө нь учир дутагдалтай юм. Түүнчлэн гэртээ зөвхөн чехээр ярьдаг хүүхдүүд төрөлх хэлний мэдлэгээ дээшлүүлэх боломжоо алддаг.
  • Ямар үед ямар хэлээр ярих гэрийн журам тогтоож мөрдөх нь зүйтэй болов уу.
  • Зөвхөн ярианы хэлээр хязгаарлагдалгүй төрөлх хэлээрээ унших, бичих нь хэлний бүх талын чадварыг сайжруулах болно.

Сургууль, цэцэрлэг дээрээ хүүхэд тань төрөлх хэлээрээ ярих боломжтой байх нь ихэд чухал. Гэр бүлээсээ гадуур орчинд төрөлх хэлээрээ ярихын үнэ цэнийг мэдрэх нь хүүхдэд үр өгөөжөө өгдөг. Ингэснээр оролцогч талуудын хэлний тухай ойлголтод эерэгээр нөлөөлж хэлний олон талт байдлыг бүрдүүлээд зогсохгүй олон хэлний албан бус хэрэглээ нэмэгдэх сайн талтай. Хүүхдийнхээ явдаг сургууль, цэцэрлэгийн багш ажилтнуудаас тэдний олон хэлт байдалд хандаж байгаа хандлагын талаар асууж ярилцаж, санал бодлыг нь сонсохын зэрэгцээ эх орныхоо соёл, зан заншлын талаар хуваалцвал тэд ч бас дуртайяа хүлээн авах бизээ.

Гэр бүлийн халуун дулаан харилцаанд байж үлгэр домог сонсож, төрөлх хэлний үгийн сан, баялаг нь хөгжиж байгаа хүүхэд сургуульдаа үзэж байгаа хэлээ хурдан сайн сурахаас гадна ерөөсөө амжилтанд хүрэх магадлал бусдаас өндөр байдаг. Хүүхдийн төрөлх хэл дээрээ олж авсан мэдлэг, ур чадвар нь сургуульд үзэж байгаа хэл рүү нь хөрвөдөг болой.

Хэрэгтэй холбоосууд:

 

List of topics