3.2 ДУНД СУРГУУЛИЙН ТӨРӨЛ ХЭЛБЭР

Чех Улсад хүүхэд заавал эзэмших 9 жилийн* суурь боловсролоо олж авсны дараа дунд сургуульд (SŠ) элсэн ордог. Дунд сургууль нь дотроо төгсөгчиддөө мэргэжлийн боловсролын үнэмлэх, төгсөлтийн шалгалтын гэрчилгээ олгодог гэсэн хоёр төрөл байдаг.

Мэргэжлийн боловсролын үнэмлэх гэдэг нь тодорхой мэргэжлээр 3 жил сураад онол, дадлагын хичээлээс бүрдсэн төгсөлтийн шалгалтаа амжилттай өгсөн тохиолдолд олгодог үнэмлэх юм.

Мэргэжлийн боловсролын сургалтын хөтөлбөр нь тодорхой мэргэжлээр (мужаан, үсчин, тогооч, зөөгч гэх мэт) мэргэжилтэн бэлтгэдэг. Сургалтын хөтөлбөр 3 жил үргэлжлэх бөгөөд төгсөгчид эзэмшсэн мэргэжлээрээ ажиллахаас гадна зарим тохиолдолд мэргэжлийн салбартаа хувиараа бизнес, аж ахуй эрхлэх боломжтой. Сургалтын хөтөлбөр нь дадлага, онолын хичээлээс бүрдэг бөгөөд 7 хоногоор үйлдвэрийн дадлага, онолын хичээлээ ээлжлэн үздэг. Энэ чиглэлийн мэргэжлийг боловсролыг техник, мэргэжлийн сургуулиуд (SOU) олгодог.

Төгсөлтийн шалгалт (maturita) гэж хэд хэдэн хичээлээр өгөх шалгалтыг хэлнэ. Төгсөлтийн шалгалтаа амжилттай өгсөн тохиолдолд бүрэн дунд боловсрол эзэмшсэнд тооцож цаашид их, дээд (VŠ) эсвэл гүнзгий мэргэших (VOŠ) сургуулиудад элсэн суралцах эрхтэй болно. Төгсөлтийн шалгалтыг чех хэл, уран зохиол, нэг гадаад хэл, хамгийн багадаа өөр хоёр хичээлээр авдаг.

4 жил суралцаад шалгалт өгч төгсдөг сургуулийг дотор нь ерөнхий бүрэн дунд боловсрол олгодог лицей (gymnázium), мэргэжлийн бүрэн дунд боловсрол олгодог мэргэжлийн дунд сургууль, коллеж (SOŠ) гэж хоёр ангилдаг. Лицейд сурагчдыг их, дээд сургуульд элсэн ороход нь бэлтгэж ерөнхий боловсрол олгодог бол мэргэжлийн дунд сургуулиуд төгсөгчдөө ажлын талбарт гарахад нь бэлтгэхээс гадна тодорхой мэргэжлээр мэргэшүүлэх зорилгоор VŠ/VOŠ сургалтад бэлтгэдэг. Лицей болон мэргэжлийн дунд сургуулийг улсын шалгалт өгч төгссөн төгсөгчид дуртай их, дээд сургуульдаа өөрийн сонгож авсан мэргэжлээрээ сурах боломж нээгддэг. Мэргэжлийн дунд сургууль, коллеж (SOŠ) нь анагаах ухааны коллеж, худалдаа, бизнес, техник, технологийн чиглэл гэх мэт олон төрөл байдаг.

Мэргэжлийн боловсролын сургалтын төгсөгчид ч гэсэн мөн адил төгсөлтийн шалгалт (maturita) өгч гэрчилгээ авна. Гэрчилгээ авахын тулд ТМС-д төгссөн мэргэжлээр гүнзгийрүүлсэн сургалтын хөтөлбөрт дахин 2 жил суралцана.

  • * 4-өөс дээш жилийн сургалттай лицей, хөгжим бүжгийн коллеж – Зарим нэг дунд сургуульд хүүхэд заавал эзэмших 9 жилийн суурь боловсролынхоо явцад элсэн орох боломжтой байдаг (Бага сургууль – ZŠ – хуудсыг үзнэ үү). Жишээ нь: 8 жилийн сургалттай лицейд бага сургуулийн 5-р анги, 6 жилийн сургалттай дунд сургуульд бага сургуулийн 7-р ангиа төгссөн бол элсэж болно. Хөгжим, бүжгийн мэргэжлээр суралцдаг урлагийн дунд сургууль буюу коллежийн сургалтын хөтөлбөр үүнтэй нэгэн адил.

Дунд сургуульд элсэн орохдоо элсэлтийн элсэлтийн ерөнхий шалгалт өгнө.

Төрөлжсөн портал сайт болон сургуулиуд өөрсдийн цахим хуудсанд оюутан элсүүлэх мэргэжлийн талаар мэдээлэл байрлуулдаг (доорх холбоосыг үзнэ үү). Мэргэжил тус бүр давтагдашгүй кодтой, жишээ нь: Худалдаа, бизнесийн академи 63-41-M/02). Мэргэжил сонгох, элсэлтийн анкет бөглөхдөө кодоо оруулна. Кодод багтсан үсгээр боловсролын ангиллыг ялгаж таних боломжтой.

  • H – мэргэжлийн боловсролын үнэмлэх авч төгсөнө (техник, мэргэжлийн сургууль – SOU).
  • L – төгсөлтийн шалгалт өгч төгссөн бүрэн дунд боловсрол – Н ангиллын адил оюутнууд онол, дадлагын хичээл үзнэ, төгсөлтийн шалгалт өгч сургуулиа дүүргэнэ.
  • K – бүрэн дунд ерөнхий боловсрол (лицей) төгсөлтийн шалгалт өгнө.
  • M – мэргэжлийн бүрэн дунд боловсрол олгодог мэргэжлийн дунд сургууль (SOŠ) – төгсөлтийн шалгалт өгнө.
  • Е ангиллын мэргэжлийн боловсрол – мэргэжлийн боловсролын сургалтын Е ангиллын мэргэжлээр үнэмлэх авч төгсөх хэдий ч боловсролын хувьд доод түвшинд тооцогддог тул ийм түвшний боловсрол эзэмшсэн тохиолдолд төгсөлтийн шалгалт өгч гэрчилгээ олгодог гүнзгийрүүлсэн сургалтын хөтөлбөрт суралцах боломжгүй. Е ангиллын мэргэжлийн боловсролын сургалт 2 – 3 жил үргэлжлэх бөгөөд ихэвчлэн оюуны хөгжлийн болон сурах ноцтой бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулагдсан байдаг болохоор чех хэл муу гэсэн шалтгаанаар хүүхдээ ийм сургуульд элсүүлэх нь маш буруу алхам.
  • JНэг сургууль хэд хэдэн төрлийн боловсрол олгох сургалтын хөтөлбөртэй (төгсөлтийн шалгалт өгч бүрэн дунд боловсролын гэрчилгээ авах, дунд боловсрол олж мэргэжлийн үнэмлэх авах г.м.) байх нь элбэг.

Хэрэгтэй холбоосууд:

 

Сэдвийн жагсаалт