2_8 СУРГУУЛЬ, БАГШ НАРТАЙ ХЭРХЭН ХАРИЛЦАХ ВЭ

Эцэг эх, багш сургуулийн хооронд сайн харилцаа үүсэж чадвал тэр нь эргээд сурагчдын боловсролд эегээр нөлөөлдөг. Гадаадын хүүхдүүдийн эцэг эхчүүд чех хэл мэддэггүйгээсээ болоод багш болон сургуулийн удирдлагатай ойлголцохгүй байх нь олонтоо. Ийм тохиолдолд эдгээр саад бэрхшээлийг даван туулах боломж байдаг гэдгийг эцэг эхчүүд мэдэж аваасай гэсэн үүднээс бидний зүгээс үйлчилгээ, туслалцаа үзүүлэхэд бэлэн байдаг.

БАГШ НАРТАЙ БИЕЧЛЭН УУЛЗАХ

Эцэг эхийн хурал эсвэл сургуулиас товлосон хуваарийн дагуу анги даасан болон бусад багш нартай биечлэн уулзах боломжтой. Аюулгүй байдлыг хангах үүднээс сургуулийн байранд гадны хүн нэвтрэх боломжгүй байдаг тул эцэг эхийн хурал, багштай уулзах хуваариас бусад үед заавал урьдчилан утсаар эсвэл цахим шуудангаар уулзах цаг авна.
Сургуулийн удирдлага, багш нартай биечлэн уулзахаас гадна мэдээллийг сургуулийн самбар, зар мэдээ, сургуулийн сонин зэргээс олох боломжтой.

! Хүүхэд, хүүхдийн эцэг эх чех хэл сайн мэддэггүй тохиолдолд багш, сургуулийн удирдлагатай биечлэн уулзах үедээ төрийн бус байгууллагуудын орчуулагч, нийгмийн ажилтныг дагуулж очих боломжтой. Эдгээр үйлчилгээ нь үнэ төлбөргүй байдаг. Сургуулиуд ч гэсэн Үндэсний боловсролын хүрээлэнгээс (NPI) үзүүлж буй аман болон бичгиийн орчуулгын үйлчилгээг үнэ төлбөргүй ашиглах боломжтой.

! Хүүхдээр хэлмэрчлүүлэх нь огт зохисгүй хэрэг. Ингэж хэлмэрчлүүлэх нь хүүхэдэд дарамттай байхаас гадна сандарч тэвдэх, өөрт нь ахадсан ачааг үүрэх нөхцлийг бий болгодог. Мөн хүүхдээр хийлгүүлсэн аман орчуулга хангалтгүй болдог.

БАГШ НАРТАЙ УТСААР ХАРИЛЦАХ

“Харита” ТТБ-аас үзүүлдэг утсаар хэлмэрчлэх үнэ төлбөргүй үйлчилгээний тусламжтайгаар багш нартай утсаар харилцах боломжтой. Уг үйлчилгээг долоо хоногийн Даваа, Лхагва гарагуудад украин, вьетнам, монгол хэлээр үзүүлдэг. Хичээлийн үеэр багш руу утсаар залгах нь тохиромжгүй тул эцэг эхтэй яаралтай холбоо барих шаардлагатай үед мэдээллийг шуурхай дамжуулж өгөх найдвартай хүний утасны дугаар үлдээвэл сайн.

БАГШ НАРТАЙ ОНЛАЙНААР ХАРИЛЦАХ

Сургуулийн тухай мэдээлэл, ажилтан, багш нартай холбоо барих утас, и-мейл зэргийг тухайн сургуулийн цахим хуудсанд байршуулдаг. Сургуультай харилцах, Bakaláři, Škola online, EduKit зэрэг сургуулийн онлайн системд нэвтрэх өөрийн и-мейл хаягтай байх нь чухал. Эдгээр портал сайтад нэвтрэхдээ хүүхдийнхээ ангийн багшаас авсан нэвтрэх нэр, нууц үгийг оруулна. Портал сайтад хүүхдийнхээ сурлагын түвшин, үзүүлэлт, хичээлийн цагийн хуваарь, сургуулиас зохион байгуулж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл авахаас гадна танай хүүхэд хичээлдээ явж чадахгүй болох үед мэдэгдэнэ. Хэл нэвтрэлцэхгүй тохиолдолд онлайн орчуулгын автомат систем ашиглан ойлголцох нь муу аман орчуулгаас дээр болов уу.

Хүүхдийнхээ төлөвшил, сурлагын түвшин, үзүүлэлтэд санаа тавьж идэвхтэй оролцох нь хамгаас чухал. Сургууль, багш нартай харилцахад хамаатан садан, орчуулагч, хүүхэд асрагч зэрэг бусад хүүмүүсийн тус дэмжлэг хэрэгтэй ч бүх хариуцлагыг зөвхөн хүүхдийн эцэг эх л үүрнэ.

Хэрэгтэй холбоосууд:

 

Сэдвийн жагсаалт